Dienstag, 15. Juli 2008

Найзууддаа

Өнгөрсөн 7 сард Далай ламыг ондоо хотод ирэх сургаар 2 охиноо дагуулаад эхнэр бид хоёр гарч өгч билээ.
Монголд бол Далай ламыг ирсэн сургаар бид мэтийн энгийн иргэд очиж адис авах нь байтугай холоос ч харах боломж бага олддог учраас ямар ч байсан ойроос ч болтугай харья. Хэрвээ болж өгвөл нэг адис авчих юмсан гэсэн бодолтой бид 2 хэдэн Монгол цэнхэр хадгаа авч дээрээс нь гэртээ бурханыхаа оронд залдаг Далай багшийн сургааль номыг бариад л гарч өглөө.
Хэдийгээр Европд ч гэсэн Далай багшийн сургаалийг сонсохоор ирэгчдийн цувааг хараад бахархах сэтгэл ч төрөх шиг ази биднийг хараад цаанаа нэг л хүйтэн харьцдаг шонхор хамартангууд харин ч их эелдэг хүндэлсэн шинжтэй байхаас гадна жижиг хүүхэдтэй байсан болохоор харин ч урт дараалалд зогсолгүйгээр шууд орж чадсан юм.
Хурал 7 хоногийн туршид том цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд ямар ч суудал сул байгаагүйгээс гадна сүсэглэн бишрэгч, сонирхон дагалдагчдаас бүрдсэн хүмүүс 7 хоногийн туршид цэнгэлдэхийн гадуур багширч яг л Монголд наадмын талбайд бөх үзэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрч байж билээ.
Эхнэр бид хоёр хамгаалагчаас нь удаан гуйсны эцэст 2 дахь өдөр нь ямар зочид буудалд байрлаж байгааг нь олж мэдсэнээр хар өглөө эрт очоод л хадагаа дэлгээд номоо гаргаж, гарын үсэг зуруулах үзгээ бэлдээд удаан хүлээсний эцэст, бие хамгаалагч төвдүүдээрээ хүрээлүүлсэн Далай багш маань гарч ирч байнаа.
Хэдийгээр хаан байгааг нууцалж байсан ч маш олон хүмүүс зочид буудлын гадна хүлээж байсан боловч Далай багш гарч ирэнгүүтээ Монгол цэнхэр хадгуудыг маань хараад их сайхан инээж гараа далласнаа хүрч ирээд
Монголоос ирсэн үү? гээд асууж байнаа.
Би ч хадгаа бариад тийм Монголоос ирсэн адис өгөөч гэсэнд
2 хүүхэд эхнэрийг маань адислаад миний барьж явсан хадгийг маань шившиж толгой дээр маань тавьснаар богинохон учрал маань дууссан юм.
Үнэхээр адислуулахад толгойноос хөлийн ул хүртэл цахилгаан гүйдэл гүйж, гэдэс халуу оргиод сонин мэдрэмж төрдөг юм билээ.
Далай багшийн адисласан хүмүүс бурханы тамгатай болдог бөгөөд өнгөрч нөгөө ертөнцөд очиход таньж тусалдаг юм гэсэн. Хэ хэ над шиг нүгэлтэй амьтан ч одоо арын хаалгатай болсоон хойд ертөнцөд очоод...
За ингээд тэр үед айлдсан Далай багшийн Найз нөхөд Дайсануудын тухай сургаалийг бичье.
Нигүүлсэл, тэвчээр бодлоготой байх явдал хүмүүст маш чухал хэрэгцээтэй зүйлүүд юм.
Тийм учраас хүндрэл гарах үед эдгээр шинж чанарыг өөртөө хөгжүүлэх хэрэгтэй юм.
Харин хэн тийм боломжийг бий болгодог вэ?
Дайсанууд
Тэд л бидэнд гай зовлон авчирдаг.
Тийм учраас ямар нэгэн зүйлд суралцахыг хүсвэл дайснаа хамгийн сайн багшаа гэж бодох хэрэгтэй.
Тэд л бидэнд хүлээцтэй хандах, сэтгэлийн тэнхээтэй байхыг сургадаг.
Үүнээс гадна, хувийн болон нийгмийн амьдралд дайснууд ч гэсэн тухайн нөхцөл байдлаас шалтгаалан найз нөхөд болдог тохиолдол байдаг.
Үерхэл нөхөрлөлд хүрэх хамгийн сайн зам нь нигүүслээр дамжсан зам юм.
Элэгсэг дотно сэтгэл л хүмүүсийг хооронд нь хамгийн сайн найз болгож чаддаг.
Бусдыг халамжилж, тэдэнд тусалж, үйлчилж, тэдний сайн сайхны төлөө санаа тавьж, аль болох олон найз нөхөдтэй болж, болж өгвөл үргэлж инээмсэглэж байх хэрэгтэй.
Тусламж болон үйлчилсний үр дүнг хэзээ ч бодсоны хэрэггүй.
Үүний үр дүнд тусламж шаардагдсан үед туслах хүн маш олон гарч ирнэ.
Өнөөгийн нийгэмд танд эрх мэдэл, мөнгө байсан цагт найз нөхөд хангалттай мэт санагддаг.
Гэвч энэ бүхний үр дүн бий болсон найз нөхөд бол жинхэнэ биш зүгээр л тойрон хүрээлэгчид юм.
Та өөрийн эрх мэдэл, эд баялагийг алдсан цагт эдгээр нөхөд чинь өдрийн цагт дэнлүү бариад явсан ч олдохгүй.
Хамгийн гол зовлон бол бидний өдөр тутмын амьдралд сайн сайхан явж байгаа цагт бидэнд ямар ч найз нөхөд хэрэггүй мэт бид өөрсдөө бүгдийг хийж чадах мэт санагддаг явдал.
Гэвч байдал бишдэж, бие өвдсөн цагт л бид өөрсдийн алдааг ухаардаг.
Тиймээс энэхүү цаг үед биеэ бэлдэхийн тулд ямар ч цаг тусалж дэмжих жинхэнэ найз нөхөдтэй байх нигүүсэлийн үрийг тарих хэрэгтэй.
Би маш олон найз нөхөдтэй болох дуртай. Би үргэлж инээмсэглэж явдаг. Тиймээс миний өмнө хэрхэн шинэ найз нөхдийг олох вэ? яавал аль болох чин сэтгэлээсээ инээмсэглэсэн хүмүүстэй байнга учирч явах вэ? гэсэн бодол байнга байдаг.
Инээмсэглэлийг яаж төрүүлэх вэ?
Хүмүүс ч гэсэн тэр бүр адилгүй олон янзаар инээдэг.
Тэдний зарим нь ёжилсон янзтай, зарим нь албархуу хийгээд хиймэл инээдэг хүмүүс ч цөөнгүй бий.
Эдгээр инээмсэглэл баяр баясаглан эсрэг этгээддээ аваачихгүй бөгөөд харин буруу сэдэлийг төрүүлдэг.
Үнэн сэтгэлээсээ инээх нь цоо шинэ итгэлийг буй болгодог.
Хэрэвээ бид жинхэнэ инээмсэглэлийг хүсвэл хамгийн түрүүн бидний хийх зүйлс инээмсэглэлийг төрүүлэх үндсийг тавихад оршино.
Тэгвэл хэрхэн сайн найз нөхөдтэй болох вэ?
Мэдээж хэрэг үзэн ядаж муудалцсанаас бол болохгүй. Жинхэнэ нөхөрлөл бол чин сэтгэл, хамтын ажиллагааны үндсэн дээр бий болох хийгээд энэ нь танд нээлттэй сэтгэл, халуун зүрх байх ёстой гэсэн үг юм.
Энэхүү сургааль надад маш их таалагдсан юм.
Саяхан хүүхдээ түрээд гадуур явж байсан жижиг шат тааралдаад, өргөж буулгах санаатай доош бөхийсөн чинь нэг таягтай өвгөн яах ийхийн зуургүй урд талаас барьж авсанаа
За өргөөрэй би тусалья гээд тусалсанаа
Өдөр болгон хүмүүс ядаж нэг хүнд чинь сэтгэлээсээ туслаад инээх юм бол ямар ч дайн дажин, үл ойлголцол байхгүй шүү дээ гэж хэлж билээ.
За ингээд дотны андууд найз нөхөддөө
Сайхан наадаарай, Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнээ гээд бүгдэд нь
Эрүүл энх, сайн сайхан амжилт бүтээл, сайхан инээдийг хүсэн ерөөе.

3 Kommentare:

Оогий hat gesagt…

Goyo surgaali baina.

Anonym hat gesagt…

saihan zuil boljee. naiz ni ajil ihtei baij bgaad sayal uzlee.
Saih buhen delgereh boltugai.

Баяраа hat gesagt…

Үнэн шүү