Mittwoch, 23. Juli 2008

Уг гарвалаа судалсан минь

Өөрийн гарал угсааны талаар мэддэг бага сага зүйлээ бичихээсээ өмнө ямар учраас өөрийнхөө гарал угсаагаараа Монгол хүн гэдгээрээ бахархах ёстой вэ? гэдэг талаар болон Монголчууд бид өөрсдийн жалга довны үзлээсээ болж өөрсдийгөө улам бүр жижиг үндэстэн болгож байгаа талаар үзэл бодлоо бичье.
Бага байхад манай ангид олон казакууд байдаг байлаа.
Хичээл тарсны дараагаар гэртээ очиж цай уучихаад л үндэстэн хоорондын дайндаа гараад явчихнаа. Ангийнхаа казакуудтай өдөржин чулуугаар нүдэлдэж, Сангийн хэрмийнх нь тийшээ хөөх юм бол бөөн баяр дайнд ялсан сэтгэгдэл төрнө шүү дээ. Харин хааяа нэг хойд хашааныхан болох Өөлдүүдтэй чулуугаар шидэлцэнэ. За тэд нарыг дийлэх юм бол нэг их гоё сэтгэгдэл төрөхгүй л дээ Казакуудтай байлдсантай адилхан. Харин ангидаа бол Казакуудтайгаа найзууд шүү дээ. Хамтдаа сууна, хичээлээ давтана.
90 он гараад удалгүй Казакстан гэж ёстой нэр нь байгаагүй улс гарч ирээд Казак үндэстэнгүүд ирэх юм бол газар өгнө, мөнгө өгнө гэснээр Монголын баруун аймгууд ялангуяа Ховд, Баян-Өлгийгөөс миний мэдэх бараг бүх айл нүүж их нүүдэл үүсч билээ. Энэ үед манай төр засаг хаан байсан юм мэдэхгүй. Боломжтой болгон л баруун хилээр
Казакстан луугаа цувсан даа. Олон жил тэтгэж тэжээсэн хүмүүс гэр бүлээрээ зүгээр л гараад явчихсан.
Би эдгээр хүмүүст нэг их дуртайдаа биш харин одоо үед ингэж шинэ улс үүсдэг юм байна. Улс гүрнээ хүн амын хувьд тэлж болдог юм байна гэсэн утгаараа л бичиж байна.
Анх хилээ нээж хойшоо, урагшаа, баруун, зүүн тийшээ худалдаа хийдэг болоход Өвөрмонголын Монголчууд, Оросын Тува, Халимагууд их л найрсгаар угтан одоо л бид нар нэг нэгдэх боломж олдох нь гэцгээн Жинхэнэ Монголчууд бидэнд ихээхэн найдлага тавин харж байсан санагдах юм. Одоо болохоор Өвөрмонголчууд нь Монголчууд архи их уудаг, хэлсэн үгэндээ хүрдэггүй, дээрэлхүү зантай гэсэн ойлгоцтой болсон юм шиг надад санагддаг. Биднийг гэсэн хүмүүсийн сэтгэл жаахан хөрсөн талдаа юм уу даа.
Жинхэнэ Монголчууд бид:
Өө тэр Өвөрмонголууд хэдэн үеэрээ хятадуудтай цус холилдоод бараг хятад болчихсон улс ойртоод дэмий дээ гэцгээнэ.
Халимаг, Тува, Буриадуудыг за оросуудыг дагаад хэл усаа мэдэхээ байгаад оросжоод дууссан улсууд гэж голно.
Харин хэдий олон цус холилдон холдсон ч эдгээр цусан төрлийхнөө гэхгүй түүний оронд гадныхантай суусан хүмүүсийгээ зарим нэг нь бараг бахархал болгон ярих шинжтэй.
Бид нар дотроо болохоор улам ч долоон дор юм уу даа. Би жинхэнэ Монгол гэж ярих дуртай. Тэр дундаа овгийн нэрээ авна гэсэн хуулийн дараагаар бүгдээрээ л Чингис хааны хүүхдүүд болж Боржигон болов оо хөөрхий. Ер нь бол Боржигон овог болохоороо жинхэнэ Монгол болж байгаа юм байх.
Баруун зүүнээрээ талцан хэрэлдэх нь бол энүүхэнд юмуу даа.

Өөрийн овог болох Таргад овгийн тухай
Таргад овгийн талаар Монголын нууц товчоонд 213 Шадар хишигтэн цэргээ байгуулахдаа
Бас Чингис хаан, Үнгүр буурчид өгүүлрүүн:
Мэнгүтэ хианы хөвгүүн Үнгүр чи, гурван аймаг тохурауд, таван аймаг таргуд, чаншуад, баядаа дагуулж нэгэн хүрээ болж
Будан мананд төөрөлгүй
Булаалдах дайнд салалгүй
Нойтонд хамт норж
Хүйтэнд хамт хөрж явав
Одоо ямар соёрхол авах вэ чи? гэвэл, Үнгүр өгүүлрүүн Соёрхолыг сонгуулбал хамаг ах дүү нар минь хамаагүй бутран тарж байна. Хаан соёрхвол өөрийн ах дүү нараа цуглуулан захиръя. Гэхэд Чингис хаан зөвшөөрөв.
Бас Чингис хаан зарлиг болруун Борохул, Үнгүр та хоёр, буурч түгээгч болж, баруун, зүүн этгээдэд барих идээг түгээж, баруун талын хүмүүст байр байраар олгож, зүүн талын хүмүүст зүй зүйгээр өгч идээ хүнсийг түгээвэл миний хоолой онгойж, сэтгэл амардаг билээ.
Үнгүр, Борохул хоёр морилон явж олон хүнд идээ зуушийг түгээтүгэй. Гэж зарлиг болов. Их хөмрөг сөнгийн баруун зүүн этгээдэд идээ базааж бэлтгээд Та хоёр, Толунтай хамт төвлөн суугаад идээг түгээж байгтун гэж суурийг зааж өгөв.
Таргад овгийн талаарх дараах мэдээ нь
Таргад овог нь XҮ-XҮII зууны үед Дөрвөн Ойрадын холбоонд багтаж Талас, Эрчисээр нутаглаж байгаад нэгэн хэсэг (Далайдаш ноёны харъяат) нь Торгуудын хойноос Ижил мөрөн уруу нүүж, бусад нь Зүүнгар улсын бүрэлдэхүүнд үлджээ.
Одоо Таргад овог нь Ховд аймгийн Дөргөн сумаар нутаглан амьдардаг. Дөргөн сум нь:
Монгол орны газрын зурагт Хар-Ус, Хар нуур, түүнээс жаахан хойшлоход Хяргас, ялимгүй урагшлахад Дөргөн гээд олон нуурын нутагт тодоос тод харагдана. Хэдийгээр миний унасан газар угаасан ус маань биш ч, эцэг өвгөд минь энэ нутгаар нутаглаж байсан. Ардын уран зохиолч Т.Галсан:
Шувууд нь буухаараа Нуур нь үзэгддэггүй
Шувууд нь нисэхээр Тэнгэр нь харагддаггүй гэсэн бол
мөн л ардын их найрагч Д.Пүрэвдорж:
Нууранд нь хун өвөлжсөн
Нутагт нь хүн хорогдсон Дөргөн нутаг сайхан нутаг гэж миний нутгийн тухай онгодын үгээ хэлсэн.
Аль ч аймгийн, аль ч сумын нутаг өөрийн бахархал олон зүйлтэй , бас онцлог нандин эрдэнэтэй, түүгээрээ Монгол орныхоо баялагийг илтгэдэг. Монголд төдийгүй Төв Азид усаар хүрээлэгдсэн хамгийн том хуурай газар болох 38 км урт, 28 км өргөн Агбаш (Хөгшин аавын маань унасан газар) арал зуд турхантай өвөл дөрөв, таван сумын хүн ард, мал сүргийг элбэгхэн багтааж, тарган тавтай өвөлжүүлж чаддаг. Хар-Ус, Хар нуурын өтгөн зэгс шагшуургатай шугуйд хун, галуу, ангир, нугас, хөх дэглий, хавтаалж, зуун хурга, цахлай зэрэг түмэн хэлийн шувууд хуран чуулж, зэрлэг гахай, заарт харх хийгээд хадран, тул, хайруус загас бужигнадаг. Дэлхийд зартай “Улаан ном”-ын хотон шувуу, нигүүлсэл, ариуслын бэлгэдэл болсон бадамлянхуа цэцэг унаган байгалийн ариун дагшин төр, түмэн олны бахархал болон энэ нутгийг чимэглэдэг. Агь, таана, шаваг, шарилж, гүйлс, харгана, ерхөг, хялгана, хармаг, тэмээн хөх зэрэг өвс ургамал найгасан уул, тал хээр, аргал, янгир, чоно, үнэг, хярс, мануул, туулай, зээр, хар сүүлт зэрэг олон төрлийн амьтан давс шүү, зос будаг, цахиур чулуу, эрт галавын амьтны яс зэрэг эрдэс баялаг манай нутгийн үзэсгэлэнг илтгэдэг.
Зуу гаруй жилийн тэртээ арвангурав дугаар Далай ламд бараалхаж, ном хаялцаж явсан Улаангомын Хүрээний их хамба “Анги” Содов болон түүний үе тэнгийнхэн энэ нутгийнхны өвөг дээдэс.
Зоригт ханы зуутраг, таргад, шангас, яргай цоохормууд, гахайнхан, бөхөөнхөн, хианар, тугтан, хоогчин, шархаших, чөөсхөөнхөн, гүрдээнхэн, жисаанхан, шаргаанхан, хондогон зэрэг 20 гаруй овог ястны 2000 гаруй иргэдийн санал хүсэлтийг төр засаг хүлээн авснаар 1956 онд Ховд аймагт нэг шинэ сум үүсчээ.
Сумын нэр нутгийн байх онцлог байх учиртай. Хүмүүс эхлээд газрын цээж, өндрийг бодож, уулсаа зүслэв. Байгалийн сонин тогтоцтой нэг тал нь ув улаан, нөгөө тал нь хав хар, нутаг олондоо догшин сүртэй Алаг уул бий. Бас нутгийн хойморт Сээр, Ёлын уулс омог бардам, хөндөлсөж байхад өглөөний нарыг Аргалантын уулс мишээж тосдог. Уур дээшилж, усан бүлээсэж, ургамал сэргэн үдийн наран голлоход нутгийн өмнө талаар Их цаст Жаргалантын орой тэнгэрт тулж, уул үүл ялгагдахаа болино.
Оройн наран баруунтаа ташихуйд өндөр сүрлэг Чаргатын уулс цувран, өвгөн хүн шиг өдрийн явдлыг шинжин ирэх өглөөг саравчилна. Шинэ сумаа уулсаараа нэрлэвэл болох л юм. Хүмүүс дараа нь газрын шим, нутгийн баялгийг бодож, гол нуураа хээлэв. Хар-Ус, Хар нуур... сумын нэрэнд арай л бараандана.
Шандас Заг, Баруундалай, Цагаанбулан ...
Монголын газрын зурагт томоор тэмдэглэгдээгүй, сумын нэрэнд жаахан жижигдэнэ. ... Завхан голын нэрийг зэргэлдээ аймаг, сумынхан аль хэдийн “зээлчихжээ”. Чонохарайхын гол,
Агбаш арал...
дэндүү содон сонин сонсогдож байна, даруухан байвал зүгээр. Ийнхүү хүмүүс хэлэлцэж байх зуур засаг төр нь зарлиг тогтоолоо гаргах цаг тулгарч, аймгийн нэг дарга Адууч гуай нутгийн үүд босго өлзийтэйг бодож “Дөргөн” гээд шинэ суманд алдар хайрлав.

10 Kommentare:

Оогий hat gesagt…

Hooooh saixan bichej. Xaanaas ene bugdiig olj medeed baina. Bi gej amitan end mongold baij yu ch medkui tenegduu nuxur l baigaad baidag. Za za bi ch sudlax yaaxaw. Ta mini l sudlaad medeed baixad bi iluu shde teee xexe
Bugded ni xairtai shuuu

Anonym hat gesagt…

Маш сонирхолтой бичлэгийг блогчин Оогийноогийн санал болгосон замаар олж уншсандаа баяртай байна шүү, миний мэдэхгүй маш олон нэр байнаа, удам судар, үндэс угсаагаа мэддэг мэдлэгээр тань бахархаж байна.
Сонирхолтой сайхан бичлэг байна Баярлалаа.

Б.Номинчимэд hat gesagt…

Sain baina uu. Saihan blogtoi taniltslaa. Tanii blogiig ooriinhtoo link hiichikhsen. Tanid amjilt husye.

Anonym hat gesagt…

hi tasarhai bichleguud bna shuu ta CSMS tugssun uu? te tand amjilt husii

hardware_csms hat gesagt…

Сонирхож уншсанд баярлалаа

Arsun hat gesagt…

Saihan bichleg baina.
Bagadaa hochneen ih chuluugaar bailddag baiw. Sayahan tsagdaa nar engiin irgedtei chuluugaar baildahyg harahad haramsaltai sanagdaj baiw.

Anonym hat gesagt…

xxexexe neree goe bichijee
Ug udam gevel neree bas bi chin UULD shdee Uuld uuldduu Toliton burged ovogiinxshdee manai ovogiin talaar medex uu

Anonym hat gesagt…

sainuu naizaa. Minii naiz saihan tuuhuud bichjee. Chamdaa az jargal sain saihniig husye. Ajil hudulmurt chine ulam ih amjiltiig husye. Ulan ih tuuhiig bicheeree

Баяраа hat gesagt…

Дөргөн гэж яг ямар утаг агуулсан юм бол..

Anonym hat gesagt…

Гайхалтай