Mittwoch, 18. Juni 2008

Хаадын хаад


Алангоо эхийг өнгөрсөний дараагаар отгон хүү болох Бодончар нь хэдийгээр өмч хөрөнгийн хувь хүртсэн ч эрх мэдлийн төлөө их бага хэмжээний тулаануудыг хийснээр Монголчуудын дунд нилээн нэр хүнд бүхий удирдагч болж чадсан байна.
Тэрээр Чингис хааны өвөг дээдэс Боржигон овгийг үндэслэсэн бөгөөд Боржигон гэдэг үг нь эртний монголоор "Цэнхэр нүд" утгатай, түүний үр сад, ач зээ нар нь цэнхэр нүд, улбар шар үстэй байсан төдийгүй цэвэр цусны Монголчуудын овогийг үүсгэж чаджээ. Энэхүү овогийг Нирун "Гэрлийн үр сад" гэж бас нэрлэдэг байсан байна. Монголчуудыг ийнхүү ямарваа нэгэн гадны нөлөөгүйгээр тоогоо нэмэгдүүлж, хүчээ хуримтлуулж байх үед мөнхийн өрсөлдөгч эд хөрөнгийн уурхай болох Хятад улс ч бас төр засаг улс төрийн хувьд эмхлэн цэгцлэгдэж байсан төдийгүй нийслэл хот нь одоогийн Бээжинд нүүж ирсэн байна. Гэсэн хэдий ч хойд зүгийн нүүдэлчиийн байнгын довтолгооноос болж анхны хаан болох Сунг өөрийн байр суурийг төдийлөн бэхжүүлж чадахгүй байснаар ч ул барам Шар мөрний хойд эргийг нүүдэлчдэд бүрэн алджээ. Энэхүү нүүдэлчид нь Монголчууд болон Манжуудаас (Манжууд мөн адил Монголын нутаг дэвсгэрээр нүүдэллэн амьдардаг байсан нүүдэлчдийн үр удам) уг гаралтай Киданууд байсан байна. Киданууд цаашдаа Шар мөрнөөс хойш Хятадын хойд хэсгийг эзлэн орших болсон бөгөөд Ли (Төмөр) овогийг үүсгэжээ.
Киданууд нүүдэлчин овгуудаас хамгийн хурдан хятадчлагдсан гэж болно. Өөрийн байлдах ур чадвар, нүүдэлчин шинж чанараа алдсанаар Жүрчид овогийн нүүдэлчдэд шахагдаж 1125 он гэхэд Кидан гүрэн оршин тогтнохоо бүрэн болсон юм.
Чингис хааны өвөг аав болох Хабул хааны үед Монголчууд ихээхэн хүчирхэг болсон боловч удаан хугацаагаар үргэлжилээгүй юм. Гэсэн хэдий ч Хятадуудыг удаа дараа шахан заналхийлж байсан учираас Алтан улсын хаан найрамдахыг уриалж өөрийн ордон Бээжин лүү урж байжээ.
Хабул хааныг маш эелдэг дотноор хүлээн авч ихээхэн хэмжээгээр дайлж байсан боловч Хабул хаан эртний өвөг дээдэс Хүннүчүүдтэйгээ адил энэхүү нүүр хуурсан эелдэг байдал, дипломат харьцаанд ач холбогдол нэг их өгөхгүй харьцаж байсан төдийгүй нэг удаагын цайллаган дээр Хабул хаан өөрийн өмнө тавьсан бүхий л амттан хоолыг идэж барьж, маш их хэмжээгээр архи дарсыг ууж, дууч эмсийг татан чангааж биеэ авч явж байсан бөгөөд эцэст нь Алтан хаантай дарс тулгаж ууж байхдаа сахалнаас нь татсанаар энэхүү цайллага дууссан байна. Хэдийгээр ингэж ёс бус харьцаж байсан ч Алтан улсын хаан асар их хэмжээний бэлэг сэлт өгч найрамдлыг дахин дахин хүсч явуулж байжээ.
Хабул хаан маш олон хүүхэдтэй тэдгээр нь бүгд их зоримог, дайн ч, догшин ширүүн зантай байсан учираас Хиад (Ширүүн хүчтэй уулын горхи) овгийг үүсгэжээ.
Хабул хааны үед Монголчууд Хянганы нуруугаар нутаглан амьдардаг байсан Татаруудтай дайтаж эхэлсэн боловч төдийлөн амжилт олохгүй байсан бөгөөд нэгэн удаагын тулаанаар Хабул хаан хөнгөн шархдаж тулалдааныг өндөрлсөн байна. Энэ үед сайн бөө удгадууд нь Татар угсааныхан байсан учираас эдгээр бөө нар Хабул хааныг эмчилсэн боловч бүр дордож удалгүй өнгөрчээ. Үхлийн шалтгааныг Монголчууд бөө удган нарт байгаа гэж үзэж бүх бөө удгадыг алж дуусгажээ. Улмаар энэхүү дайн нь өс хонзонгын шинж чанартай болж улам бүр хурцадмал байдалтай болсон байна. Хабул хааны хойчоор Амбагай сонгогдсон байна. Амбагай хаан нэгэн удаагын тулаанаар Татаруудад дахин баригдан Хятадын Алтан хаанд хүргэгдэж цаазлагджээ. Цаазлах энэхүү арга нь хэрэгтэнийг модон илжигэнд суулгаж эмээлэнд нь бэхэлсэн урт шор модоор амьдаар нь шорлож алдаг байна.
Амбагай хаан үхэхдээ миний үхлийг та бүгд хэд дахин нугалж төлөх болно гэж зөгнөж хэлж байжээ.
Үүний дараагаар Хабул хааны хүү Хотолаг хаан ширээнд өргөмжилжээ. Хотола хаан маш том биетэй, их хүчтэй хүн байсан бөгөөд нэг өдөрт нэг хөхүүр айрга ууж, бүтэн хонины махыг торохгүй иддэг, аав Хабул хааныгаа дуурайсан эрэлхэг зоригтой, түргэн ширүүн зантай, ярихыг нь сонсоход тэнгэр дуугарч буй мэт сүртэй, нүцгэн гараараа жирийн хүнийг нэг цохилтоор нурууг нь хугалчих чадалтай, өвөл зуны аль ч улиралд цээж нүцгэн явдаг, задгай галын дэргэд цасан дээр нүцгэн унтчихдаг нэгэн байсан байна.
Нэгэн удаа эргүүлээр явж байгаад Татарын жижиг ангитай тааралджээ. Морины хурдаар давхин орсон боловч морь нь намагт гүнзгий шигдэн гарч чадахаа болсонд тэр даруй эмээл дээрээ үсрэн босож явган байлдаж хөөж явуулсаныхаа дараагаар намагт суусан мориныхоо сүүлнээс нь татан гаргаж буцахдаа морио үүрч явж байжээ.
Хэдий тэрээр хүч чадлын хувьд олноос онцгой байсан ч Татаруудаас өнгөрсөн хаадынхаа өшийг олигтой авч чадахгүй байсаар нэгэн тулалдаанд гэдэсэндээ үхлийн шарх авч өнгөрсөн байна.

Keine Kommentare: